Thursday, August 21, 2014

Нутгаа гэсэн сэтгэл минь

Шинэ-Идэр сумын ЕБС-ын захирал, Алтан гадас одонт, АБТА “Тэргүүлэх багш” Дамдингийн Бурмаа
Нар ээсэн намрын шаргал өдөр монгол хэл уран зохиолын багшаар ажиллахаар боловсролын газрын томилолт өвөртлөн гэрээ нүүлгэн ирсэн маань саяхан мэт боловч төрөлх сумынхаа 60,70,80 жилийн ойг нутгийн зон олон шавь нар, хань үр хүүхэдтэйгээ тэмдэглэн өнгөрүүлээд одоо 90 жилийн ойг үзнэ гэдэг миний хувьд бурхнаас өгсөн том хишиг буян гэж бодож байна. Ой бүхэн түүх, түүх бүхэн дурсамж, бүтээн байгуулалт, баяр бахдал байсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Энэ нутагт ажиллахаар ирсэн хүмүүсийг лус савдаг нь ивээлдээ авч, хүн ард нь дэмжин хөгжүүлснээр сайн амьдралыг бүтээж нэр хүндтэй ажиллаж амьдардаг гэж боддог. Миний ажигласнаар Шинэ-Идэрчүүд зочламтгой хүмүүс, учир нь ямарч хүмүүст цай чанана, тос холино. Монгол улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, академич Б.Ширэндэв гуайн ЗҮҮН НУУР шүлэгт бичсэнчлэн шимт тосоо хольж байж дараа нь хоол хийнэ. Махсаж өлсөж яваа хүнд тос холих нь илүү юм шиг санагдаж болно. Гэхдээ нутгийнхны ёсыг дагахаас өөрцгүй тос нь ямар амттай гэж санана. Ширгээмэл, саглай, хонины хурууд энэ нутгийн бренд. Шинэ-Идэрчүүд оюунлаг хүмүүс. Оюунлаг хүмүүсийг төрүүлж гаргаж байгаа эрдмийн уурхай сургуульдаа багш, менежер, захирлын албыг хашихад бүхий л талаар дэмжиж туслаж байсан нутгийн зон олон, үе үеийн удирдлагууд, хамт олон, шавь нартаа түүхт ойн баярын мэнд хүргэж зуны дунд сарын шинийн 20 ны билэгт сайн өдөр учран золгохын ерөөл өргөе.


2005 онд 11 жилийн сургууль болон өргөжин хөгжсөн, МУ-ын хөдөлмөрийн баатар, шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, академич Базарын Ширэндэвийн нэрэмжит сургууль 70 насныхаа ойтойгоо золгожээ. Тэр цагаас хойш танигдахгүй болтлоо өөрчлөгдөн хөгжиж олон олон оюунлаг шавь нараа сурган хүмүүжүүлж, шавь нараараа гоёж бахархаж байснаа эргэн дурсахад таатай байна.
"Хүн нутагтай нутаг сүлдтэй" сум үүсгэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн ном хуудас 74
Зохиогч ХААИС-ийн багш, мал эмнэлэгийн ухааны доктор, дэд профессор, зөвлөх малын эмч Бөхчүүд овгийн Санжжавын Ганбат

No comments: