Friday, December 20, 2013

Манай шинэ жил 2013

Хуучин оноо үдэж, шинэ оноо угтан авах заагаар үдэж буй оныхоо, ард үлдсэн 365 хоногт юу бүтээж, юуг хийж, ямар амжилт гаргаж, ахиц дэвшил хэр нэмэгдэв гэдгээ дүгнэх өдөр гэж шинэ жилийн баярыг тэмдэглэдэг байх гэж боддог. Сургуулийн шинэ жил, тэнхмийн шинэ жил, аймгийн шинэ жил, сумын шинэ жил гээд нэлээн хэдэн шинэ жилд орсон, гэхдээ надад хамгийн сайхан сэтгэгдэл төрүүлсэн нь сумын шинэ жил байлаа. 2010 онд оюутан болж хотод ирсэн, үүнээс хойш оюутны 3 жил өнгөрсөн, тэр гурван жилд Шинэ-Идэрийн шинэ жил болоогүй юм, Харин Хөвсгөлийн ихэнх сумдын шинэ жил болдгийг хараад манайх яагаад шинэ жилээ хийдэггүй юм бол гэж дотроо боддог байлаа. Шинэ жилийн баярыг хэн нэгэн хийх байх гэж хараад байвал ер нь бүтэхгүй бололтой байсан, тиймээс санаа нэгдэн Монголын Үндэсний Их Сургуулийн оюутны холбооны тэргүүн М.Даваажав, ШУТИС-ийн биеийн тамирын багш Б.Ганзориг ах, бид хэд ярилцан шинэ жил тэмдэглэхээр болж такс, урилгаа хэвлүүлэн ажилдаа орсон юм. Шинэ жилдээ ирсэн хүмүүсийн сэтгэгдэл өндөр байсанд зохион байгуулсан бид хэд баяртай байна.

Sunday, November 10, 2013

Хөвсгөл аймгийн сагсанбөмбөгийн АШТ 2013

Хөвсгөл аймгийн "Оюутны Нэгдсэн Холбооноос" хоёр дахь жилдээ зохион байгуулсан Сагсанбөмбөгийн аймгийн аваргын тэмцээн алдар спорт хорооны заланд 2 өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Манай сумыг төлөөлж эрэгтэй баг тамирчид оролцлоо, багийн бүрэлдэхүүний хувьд Монголын анхны "сагсанбөмбөгийн олон улсын шүүгч, ШУТИС-ийн биеийн тамирын багш Б.Ганзориг ах, С.Эрдэнэмөнх ах, Ц.Ганбаатар, Б.Чимэддорж, Т.Доржсэмбээ, Ц.Лхагвадорж, Б.Батцогт, Цэнд-Аюуш гэсэн Шинэ-Идэрийн төлөөлөл болсон залуус амжилттай оролцлоо. Тэмцээний бэлтгэл ажилд тусалж 2 өдөр заланд тоглуулан бэлтгэл хийлгэсэн, сумаа төлөөлж цаг заваа хугаслан байж тэмцээнд оролцсон Б.Ганзориг ахдаа баярласанаа илэрхийлж байна. 
Шинэ-Идэрийн баг зооноос нэгээр гарч, эхний нугалаанд 2р сургуулийн багийг хожиж хагас шигшээд шалгарсан 3 сумын нэг нь байсан юм. Шинэ-Идэрийн хөгжөөн дэмжигчид алдарын залыг доргиож, Олон улсын шүүгч багшаараа бахархаж, нийт тамирчид жигд хувцас, соёлтой харьцаагаараа ялгарч манайхан гоё байлаа. Тэгвэл сумаас нэг баг оролцоно гэсэн дүрэмтэй байсан ч бүсээс нэг баг орох дүрмээр "Идэр бүс"ээ төлөөлж ОУХМ Д.Ганзориг багштай Шинэ-Идэрийн 2010 оны төгсөгчид болох манай ангийн нөхөд нэг баг болж уг тэмцээнд оролцсон юм. Эхний тойрогтоо Бүрэнтогтох сумын А/А Хаш-Эрдэнэ ахлагчтай багийг хожиж, дараагийн тойрогтоо уг тэмцээнд 3т шалгарсан багт ялагдал хүлээж тэмцээнээ өндөрлөсөн билээ. Бид хэдийн тоглолт МНВ телевизийн мэдээний хөтөлбөрөөр гарч, нутгийн олон маань биднийг харж, бахархсан байхаа.






                  
2013/11/10

Monday, October 28, 2013

Идэр бүсийн сумдын сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээн

Хүсэн хүлээсэн өдөр...
Тэмцээний өглөө гэрээс гарахдаа бичсэн тэмдэглэл:
Уламжлал болон зохиогдож байгаа Идэр бүсийн сагсанбөмбөгийн нөхөрсөг тэмцээнийг 2 дахь жилдээ зохион байгуулан ажиллаж байна. 4 сумын оюутнуудыг хамруулсан тэмцээн болохоор хариуцлага шаардаж, их хичээж ажиллаж байна. Хэн нэгнээс ямар нэгэн санхүүжилт аваагүй, тэмцээнд оролцогчдынхоо залны мөнгөөр бүх ажлаа зохицуулж байгаа болохоор байр эзлэсэн багууд шилжин явах цом, медалиар шагнагдана, нөхөрсөг тэмцээний зорилго нь нөхөрлөх, найзлах, спортлог байх, гэхдээ зодолдох, барилдах, муудалцах энэ тэмцээний зорилго яавч биш, нодлин жилийн тэмцээн зохион байгуулалт маш сайн болсон, олон олон оюутан баярласан сэтгэлээ илэрхийлсэн болохоор урам орсон. Ананос хэвлүүлэн, медалиа дүүтэйгээ явж захиалсан, дүү надаас сагсны бөмбөгний зурагтай юуны медаль вэ гэж асуусан тэхээр нь би сагсны л медаль байна штээ гэтэл дүү тэгээд хажууд нь "хогийн сав" байна штээ гэсэн, тэр нь сагсны тор байсан, нэг удаа эр тугалыг харж байснаа энэ охин тугал байна гэсэн, яаж мэдэв ахын дүү гэтэл "сормуус нь урт байсымаа" гэсэн би ийм л хүнээр хүртэл хань хийгээд дагуулаад тэмцээний бэлтгэл хийгээд явж байна. Хамгийн эхний тэмцээнийг хүмүүс бөхийн барилдаан гэж үзсэн, Хоёр дахь тэмцээнийг нөхөрсөг тэмцээн гэж үнэлсэн, энэ удаагийн тэмцээнийг хэрхэн үнэлэхийг энэ өдөр л харуулна. Энэ ажлынхаа ид шидийг өнөөдөр үзнэ дээ.
Тэмцээн дууссаны дараах тэмдэглэл:
Энэ тэмцээний цар хүрээг ингэж томроно гэж санасангүй, эрэгтэй багууд 20 оос илүү болчоод аргагүй эрхэнд дүрмийн дагуу хожигдож ирсэн багуудыг хассан, нэг багийг үзүүлэх баримт бичиггүй болохоор нь, бусад багууд хэл ам гаргасан учир тэмцээнээс хассан. Эмэгтэй баг 11 орж урьд өмнөхөөсөө идэвхижсэн байсан. Нөхөрсөг тэмцээн учир ямар нэгэн нугалаагаар ганц тоглолт хийж багийг хасах боломжгүй, яагаад гэвэл тэд мөнгөний төлөө биш, нөхөрлөх найзлах, аль болох олон багтай тоглохоор ирсэн, амралтын нэг өдрийг спортоор хичээллэж хөлсөө гаргахаар ирсэн. Тиймээс баг бүр 3 аас дээш тоглолт хийсэн. Энэ л бидний ажлын зорилго байсан.
Ажиглалт
Зарим нэг багууд тэмцээний зорилгоо мартчихдаг муу тал ажиглагдсан, сагсны талбайд тоглохоороо зарим нэг хүмүүсийн зан ааш өөрчлөгддөг, ууртай болчихдог санагдсан. Тэмцээнийг шүүлгэхээр 3 шүүгч авсан нь оносон, олон оюутан ирнэ гэж мэдэж байсан болохоор талбай томтой зал авсан, залны цагаа өглөө 9 өөс орой 9 хүртэл аваад тэмцээнээ дуусгана гэсэн ч шөнийн 2 цаг 30 минут хүртэл сунгаж байж, тэмцээнээ дуусгасан. Цаг их оройтохоор цэвэрлэгч жижүүр зал багш гээд хэрэгцээт бүх зүйлд мөнгөө тарааж өгсөөр байгаад бараг өрд орох дөхсөн.  
Үр дүн
Тэмцээний техникийн зөвлөгөөн хийхэд хамгийн идэвхитэй оролцсон багууд Шинэ-Идэрийнхэн байсан, Хамгийн эмоцтой фанатууд Төмөрбулгийн оюутнууд байсан, Галтын оюутнууд хүчирхэг хэвээрээ байсан, Жаргалантын оюутнууд нөхөрсөг сайхан зан нь хэвээрээ байсан. Хэзээ нэгэн өдөр энэ олон оюутан хоорондоо таарч л таараа, хэн нэгэн оюутанд тус хэрэгт орж таараа, тэр үед манай тэмцээнд хамтдаа тоглож байсан нөхдүүд хэн хэндээ тусалбал ямар сайхан бэ? Хаа нэгтээ уулзахаараа сайхан яриа хөөрөөтэй, мэндтэй устай явбал ямар гоё бэ? Жаргалантын Сумьяабат Тайвансайхан Мөнхтуяа Энхзаяа та хэддээ их баярлалаа, надтай цаг үргэлж хамтдаа байдаг ангийн анд Гомбоо, Цэцгээ, Пагаа, Билгээ, Ганбаа, Мижээ та хэддээ баярлалаа үргэлж хамтдаа байж үүргээ сайн биелүүлсэн шүү бид. Надад хамгийн сайхан сэтгэгдэл төрүүлсэн нэг л зүйл байсан, Жаргалантын Сумьяабат маань бид хэдийн сагс тоглохыг харж байгаад зураг зурж надад дурсгасан, сэтгэл шингэсэн бэлэг үнэхээр гоё, хариуд нь би нэг юм өгсөн, надад бас их баярлалаа гэсэн, ямар ч байсан тэмцээнээ зориглож зохион байгуулсандаа баяртай байна.




2013/10/27





Friday, September 6, 2013

Сонирхолтой яриа

Энэ блогт зочилдог элэг нэгт ахан дүүс та бүхэндээ нэгэн сонирхолтой яриаг хүргэе. Ах нь 6 удаа норкозонд орж эмнэлэгийн оронд хэвтсэн хүн, та нарт хэрэгтэй юм ярьж чадах болов уу гэсэн юм. Гэхдээ л бидэнд энэ яриа их сонирхолтой байлаа.
Ах нь 6 нас хүрээд хурдан морь унаж, даага сургаж явлаа. 20-оод настайдаа эмнэг хангалыг сургаж унан фирмийн үхэр хардаг байлаа. 1954 онд их айхтар зуд болсон юм. 10-сард тэнгэр дуугарч бороо орж зуд эхлэж байсан гэдэг юм, хөх бух, улаан хошуут, хадны хэргэлзээ, тагтаа осгож үхэж байлаа. Ширээ шиг өндөр цас орсон байлаа. Нэхий дээл, суран бүс ширэн гутал, нэхий малгай өмсөж малдаа явдаг байлаа. Одооны хүүхдүүдэд нэхий дээл өмсгөөд малд явуулвал дээлээ даахгүй байхдаа гэж боддог юм. Ямааны урууланд чулуу наалдаж, хонь ямаа хөр цасыг хөлөөрөө ухаж өвс олж иддэг байлаа, малын хөл шалбараад хэцүү байсан үе, Хүрз малтуураар цас малтаж малдаа өвс олж өгч байсан үе.  Олон ч мал үхсэн дээ. Жингийн манан сууж "хар толгой" харагдахгүй болох үе байлаа. Тэр жил манайх босгын даваанд өвөлжиж байлаа. 70 нас наслаж өдий хүрэхдээ хоёр төрийн нүүр үзлээ дээ. Социализмын үед нэгдэлжих хөдөлгөөн эхлэж, 1955 онд "Ардын аж ахуйтнаас" нэгдэлд орж малаа улсад данстай болгосон юм. Нэг хүний 3 бод малаар бодож, Манайх 7 бод малтай үлдээд хариулах гэхээр болохгүй хэцүү байсан юм даа. Ноос, сүүгээ биелүүлж чадаагүй хүмүүсийг бариад явдаг байлаа. Төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд нэхий дээлээ хүртэл хяргаж өгч байсан хүмүүс бий дээ, Нэгдлийн үед хүүхэд ханиад хүрээд гэснээс хурга чачга алдаад байна гэсэн нь дээр байсан юм. Бага балчир хүүхдээ орноосоо уячаад гадаа байгаа хургаа угжина, өвсөө тавьж өгнө. Хүүхдээсээ илүү малд анхаарал хандуулдаг үе байлаа. Хүүхдээ арганд хийж тэмээнд ачаад нүүдэг байлаа. 100 грамм ямааны хялгас дутуу гээд шүүхэд хүртэл дуудагдаж байлаа. Төлөвлөгөө биелүүлэхийн тулд өглөө нар мандахад хонины хотныхоо баруун талын ноосыг түүж, нар жаргахад хонины хотны баруун талын ноосыг түүдэг байлаа. ингэж ноос түүхэд нарны гэрэлд ноос тод сайн харагддаг учир өглөө оройг зохицуулдаг байлаа. Захиргаадалтын үед хатуу байлаа, өдөр бүр дарга нар ирж шалгадаг байлаа, Малаа 25 саяд хүргэнэ гэж зүтгээд чадаагүй юм, мал эзэндээ ирэхээр 40 сая хүрлээ дээ.  
Энэ үед цагаан эсгий ширдэг байсан, орчин үеийнх шиг хивс байсангүй, Цагаан эсгий ширдгээ гамнаж үхрийн ширийг элдэн өдөр үсийг нь доош нь харуулж дэвсээд, шөнө үсийг нь дээш нь харуулж дэвсээд унтдаг байлаа. хүүхдүүд аав ээжийнхээ орон дээр хэвтдэггүй байлаа, ахмад настны дээр нь суудаггүй байлаа хэмээн хэсэгхэн хуучлах зуур ярьсан юм. Одоо төрийн буян улсдаа зүтгэж байсных тэтгэвэрийн мөнгөө аваад нутагтаа сайхан байна гэж хуучилсан юм. Та нар захиргаадалтын хүнд үеийг туулаагүй азтай хүмүүс одоо эх орноо гэсэн сэтгэлтэй байж, хөрст газраа хайрлаж яваарай гэж захин үлдэв. Түүх түүхээрээ үлддэг, түүхийг хүн бүтээдэг бидний сонсоогүй, үзээгүй, дуулаагүй сонирхолтой зүйлийг ярьж өгсөнд их баярлалаа. 



Яриа өгсөн: Өлзийбадрахын Дүгэржав
Яриа авсан: Мэндсайханы Даваажав
                     Гангаагийн Отгонбаатар
2013он 08 сарын 22

Wednesday, September 4, 2013

Шинэ-Идэр сумын сургуулийн 1964 оны сурагчид 2013 онд

1964 оны 1-р ангийн сурагчид өнөөдөр сургуульд орсны 50 жил, сургуулиа төгссөний 40 жилийн уулзалтаа хийж байна. 60 аад насыг шүргэж яваа ч ангиараа уулзахаар яг л хүүхэд ахуй үеийнх шигээ болцгоож, наснаасаа залуу харагдацгааж байлаа. Үр хүүхдээ сайн явахыг харахаас өөр жаргал алга даа гэж ярьцгаах нь надад их сайхан санагдлаа. Энд цугласан аав ээжүүд бүгд л үр хүүхдийнхээ төлөө бүхнээ зориулсан агуу хүмүүс байлаа. Хэдүүлээ жил бүр л уулзаж байя гэж ярих нь нэг нэгийгээ үнэхээр их үгүйлсэн бололтой. Алс хол Улаанбаатараас, Сэлэнгэ аймаг Хөтлөөс, зэргэлдээ орших жаргалант сумаас гээд газар газраас 1964 оны 1-р ангийнхан ирцгээсэн байлаа. 
Бүжгийн аянд бүгд босож бүжиглэцгээж, цаг хугацааг ч умартан хөгжилтэй яриа өрнүүлж, нэг л мэдэхэд үүр цайлгаж өглөө болгож, 40 жилийн сонин сайхнаа ярилцацгаасан байх. Аварга малчин, тэргүүний багш, цэргийн хурандаа, онц тээвэрчин гэх мэт олон төрлийн мэргэжилтэй хүмүүсээс эхлээд улсдаа насаараа зүтгэсэн ахмад ажилтангууд 1964 оны намар 1-р ангид орсон шигээ өндөр сэтгэгдэлтэй уулзацгааж байна.
Нэг ангийнхан хэмээн өөрсдөө дуу зохиож, тэр дуугаа нийтээрээ дуулж байгааг хараад найрал дуу дуулвал хэнээс дутахгүй авъяастангууд 1964 онд 1-р ангид орж байждээ хэмээн бодож суулаа. Жаргалант сумаас ирсэн Ганхуяг ах анги хамт олноосоо хамгийн "залуу"- аар шалгарч үүний нууц нь юу вэ гэж асуухад "Цуцашгүй их хөдөлмөр" -ийн үр дүн байх аа гэж хэллээ. 
Хадбаатар ах хонины хорхог хийж суухдаа " Миний дүү хүнийг хүндэтгэх хамгийн сайхан хэлбэр чинь зоог байгаан штээ" түүнээс биш архи дарсаар дайлаад хүнийг хүндэтгэсэн болох нь юу л бол гэж билээ. Ахмадын үг алт гэж юутай үнэн бэ? Үнэхээр тийм шүү. Сэлэнгээс ирсэн Наранцэцэг эгч ээжид "Өөрийнхөө зүүж явсан зүүлтийг дурсгаж, гэртээ ирээрэй гэж урьсан юм. Энэ блогийнхоо ачаар нэг ангийхныг хооронд нь уулзуулж байснаа саяхан мэдэж урам зориг орсноо энд тэмдэглэе.
Ээжийгээ ангийнхаа нийллэгт явсан хойгуур ганц хоног гэрээ сахилаа. ээжийн цайнд дасаад ч тэрүү өглөөний цай амтгүй санагдлаа. Өглөө 6/30-д босож үхэр хураан үнээгээ ивэлгэж өглөө. ээждээ эрхэлж халуун хөнжилдөө унтаж хэвтдэг би гутлаа норгож, хөлөө чийгтүүлж байж л ээжийнхээ өглөө бүр хийдэг ажлын хэцүүг ойлголоо. Ажилсаг ээжээрээ хүү нь бахархаж байна.
Танай ангийхныг хараад би үнэхээр их баярлаж байна. Танай ангийнхны бичлэгийг хийж, Шинэ-Идэр нутгийнхаа блогт оруулж байгаадаа баяртай байна. 

Friday, August 23, 2013

Шинэ-Идэр нутаг сайхан даа. Үзэх харах юм их байна даа.











































Шинэ-Идэр сум улсад данстай буган чулуун хөшөөтэй, бүсийн сумдын хүмүүс ирж залбирдаг гандантай, хол ойрын хүмүүс сонирхох музейтэй, сайхан нутаг шүү.
2013/08/23