1964 оны 1-р ангийн сурагчид өнөөдөр сургуульд орсны 50 жил, сургуулиа төгссөний 40 жилийн уулзалтаа хийж байна. 60 аад насыг шүргэж яваа ч ангиараа уулзахаар яг л хүүхэд ахуй үеийнх шигээ болцгоож, наснаасаа залуу харагдацгааж байлаа. Үр хүүхдээ сайн явахыг харахаас өөр жаргал алга даа гэж ярьцгаах нь надад их сайхан санагдлаа. Энд цугласан аав ээжүүд бүгд л үр хүүхдийнхээ төлөө бүхнээ зориулсан агуу хүмүүс байлаа. Хэдүүлээ жил бүр л уулзаж байя гэж ярих нь нэг нэгийгээ үнэхээр их үгүйлсэн бололтой. Алс хол Улаанбаатараас, Сэлэнгэ аймаг Хөтлөөс, зэргэлдээ орших жаргалант сумаас гээд газар газраас 1964 оны 1-р ангийнхан ирцгээсэн байлаа.
Бүжгийн аянд бүгд босож бүжиглэцгээж, цаг хугацааг ч умартан хөгжилтэй яриа өрнүүлж, нэг л мэдэхэд үүр цайлгаж өглөө болгож, 40 жилийн сонин сайхнаа ярилцацгаасан байх. Аварга малчин, тэргүүний багш, цэргийн хурандаа, онц тээвэрчин гэх мэт олон төрлийн мэргэжилтэй хүмүүсээс эхлээд улсдаа насаараа зүтгэсэн ахмад ажилтангууд 1964 оны намар 1-р ангид орсон шигээ өндөр сэтгэгдэлтэй уулзацгааж байна.
Нэг ангийнхан хэмээн өөрсдөө дуу зохиож, тэр дуугаа нийтээрээ дуулж байгааг хараад найрал дуу дуулвал хэнээс дутахгүй авъяастангууд 1964 онд 1-р ангид орж байждээ хэмээн бодож суулаа. Жаргалант сумаас ирсэн Ганхуяг ах анги хамт олноосоо хамгийн "залуу"- аар шалгарч үүний нууц нь юу вэ гэж асуухад "Цуцашгүй их хөдөлмөр" -ийн үр дүн байх аа гэж хэллээ.
Хадбаатар ах хонины хорхог хийж суухдаа " Миний дүү хүнийг хүндэтгэх хамгийн сайхан хэлбэр чинь зоог байгаан штээ" түүнээс биш архи дарсаар дайлаад хүнийг хүндэтгэсэн болох нь юу л бол гэж билээ. Ахмадын үг алт гэж юутай үнэн бэ? Үнэхээр тийм шүү. Сэлэнгээс ирсэн Наранцэцэг эгч ээжид "Өөрийнхөө зүүж явсан зүүлтийг дурсгаж, гэртээ ирээрэй гэж урьсан юм. Энэ блогийнхоо ачаар нэг ангийхныг хооронд нь уулзуулж байснаа саяхан мэдэж урам зориг орсноо энд тэмдэглэе.
Ээжийгээ ангийнхаа нийллэгт явсан хойгуур ганц хоног гэрээ сахилаа. ээжийн цайнд дасаад ч тэрүү өглөөний цай амтгүй санагдлаа. Өглөө 6/30-д босож үхэр хураан үнээгээ ивэлгэж өглөө. ээждээ эрхэлж халуун хөнжилдөө унтаж хэвтдэг би гутлаа норгож, хөлөө чийгтүүлж байж л ээжийнхээ өглөө бүр хийдэг ажлын хэцүүг ойлголоо. Ажилсаг ээжээрээ хүү нь бахархаж байна.
Танай ангийхныг хараад би үнэхээр их баярлаж байна. Танай ангийнхны бичлэгийг хийж, Шинэ-Идэр нутгийнхаа блогт оруулж байгаадаа баяртай байна.
No comments:
Post a Comment