Энэ блогт зочилдог элэг нэгт ахан дүүс та бүхэндээ нэгэн сонирхолтой яриаг хүргэе. Ах нь 6 удаа норкозонд орж эмнэлэгийн оронд хэвтсэн хүн, та нарт хэрэгтэй юм ярьж чадах болов уу гэсэн юм. Гэхдээ л бидэнд энэ яриа их сонирхолтой байлаа.
Ах нь 6 нас хүрээд хурдан морь унаж, даага сургаж явлаа. 20-оод настайдаа эмнэг хангалыг сургаж унан фирмийн үхэр хардаг байлаа. 1954 онд их айхтар зуд болсон юм. 10-сард тэнгэр дуугарч бороо орж зуд эхлэж байсан гэдэг юм, хөх бух, улаан хошуут, хадны хэргэлзээ, тагтаа осгож үхэж байлаа. Ширээ шиг өндөр цас орсон байлаа. Нэхий дээл, суран бүс ширэн гутал, нэхий малгай өмсөж малдаа явдаг байлаа. Одооны хүүхдүүдэд нэхий дээл өмсгөөд малд явуулвал дээлээ даахгүй байхдаа гэж боддог юм. Ямааны урууланд чулуу наалдаж, хонь ямаа хөр цасыг хөлөөрөө ухаж өвс олж иддэг байлаа, малын хөл шалбараад хэцүү байсан үе, Хүрз малтуураар цас малтаж малдаа өвс олж өгч байсан үе. Олон ч мал үхсэн дээ. Жингийн манан сууж "хар толгой" харагдахгүй болох үе байлаа. Тэр жил манайх босгын даваанд өвөлжиж байлаа. 70 нас наслаж өдий хүрэхдээ хоёр төрийн нүүр үзлээ дээ. Социализмын үед нэгдэлжих хөдөлгөөн эхлэж, 1955 онд "Ардын аж ахуйтнаас" нэгдэлд орж малаа улсад данстай болгосон юм. Нэг хүний 3 бод малаар бодож, Манайх 7 бод малтай үлдээд хариулах гэхээр болохгүй хэцүү байсан юм даа. Ноос, сүүгээ биелүүлж чадаагүй хүмүүсийг бариад явдаг байлаа. Төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд нэхий дээлээ хүртэл хяргаж өгч байсан хүмүүс бий дээ, Нэгдлийн үед хүүхэд ханиад хүрээд гэснээс хурга чачга алдаад байна гэсэн нь дээр байсан юм. Бага балчир хүүхдээ орноосоо уячаад гадаа байгаа хургаа угжина, өвсөө тавьж өгнө. Хүүхдээсээ илүү малд анхаарал хандуулдаг үе байлаа. Хүүхдээ арганд хийж тэмээнд ачаад нүүдэг байлаа. 100 грамм ямааны хялгас дутуу гээд шүүхэд хүртэл дуудагдаж байлаа. Төлөвлөгөө биелүүлэхийн тулд өглөө нар мандахад хонины хотныхоо баруун талын ноосыг түүж, нар жаргахад хонины хотны баруун талын ноосыг түүдэг байлаа. ингэж ноос түүхэд нарны гэрэлд ноос тод сайн харагддаг учир өглөө оройг зохицуулдаг байлаа. Захиргаадалтын үед хатуу байлаа, өдөр бүр дарга нар ирж шалгадаг байлаа, Малаа 25 саяд хүргэнэ гэж зүтгээд чадаагүй юм, мал эзэндээ ирэхээр 40 сая хүрлээ дээ.
Энэ үед цагаан эсгий ширдэг байсан, орчин үеийнх шиг хивс байсангүй, Цагаан эсгий ширдгээ гамнаж үхрийн ширийг элдэн өдөр үсийг нь доош нь харуулж дэвсээд, шөнө үсийг нь дээш нь харуулж дэвсээд унтдаг байлаа. хүүхдүүд аав ээжийнхээ орон дээр хэвтдэггүй байлаа, ахмад настны дээр нь суудаггүй байлаа хэмээн хэсэгхэн хуучлах зуур ярьсан юм. Одоо төрийн буян улсдаа зүтгэж байсных тэтгэвэрийн мөнгөө аваад нутагтаа сайхан байна гэж хуучилсан юм. Та нар захиргаадалтын хүнд үеийг туулаагүй азтай хүмүүс одоо эх орноо гэсэн сэтгэлтэй байж, хөрст газраа хайрлаж яваарай гэж захин үлдэв. Түүх түүхээрээ үлддэг, түүхийг хүн бүтээдэг бидний сонсоогүй, үзээгүй, дуулаагүй сонирхолтой зүйлийг ярьж өгсөнд их баярлалаа.
Яриа өгсөн: Өлзийбадрахын Дүгэржав
Яриа авсан: Мэндсайханы Даваажав
Гангаагийн Отгонбаатар
2013он 08 сарын 22
No comments:
Post a Comment