Wednesday, February 15, 2012

Б Ширэндэв Ши мэргэн

1912 онд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд төрсөн. 1937 онд Улаан- Үдийн Монгол Рабфак төгсжээ.
Ph.D. хамгаалсан сэдэв. он : " Монгол орон дахь ардын хувьсгал, БНМАУ байгуулагдсан нь" М.,1954
D.Sc. хамгаалсан сэдэв. он: "XIX-XX зууны зааг дахь Монгол улс" М.,1960

Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн , Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн анхны ерөнхийлөгч, академич Базарын Ширэндэвийн хүндэтгэлийн цээж баримал байрлуулах ёслолын ажиллагаа 2012 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр 14.00 цагаас ШУА-ийн нэгдсэн байранд боллоо. 
Ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн С.Баяр, БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, ШУА-ийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, ерөнхий эрдэмтэн, нарийн бичгийн дарга, академич Т.Галбаатар болон ШУА-ийн гишүүн академичид, эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцсон юм. 

Энэ үеэр академич Б.Ширэндэвийн бүтээл туурвил, номын үзэсгэлэнг мөн сонирхуулсан. Монгол Улсын Шинжлэх ухааны академийг үүсгэн байгуулсан гавьяатан нэрт түүхч, академич Б.Ширэндэв ШУА-ийн төлөөлөгчид болон ерөнхийлөгч нарын зөвлөгөөнд удаа дараа оролцож, хамтын ажиллагааны комисс, байгууллагуудад ажиллаж шинжлэх ухаан-техник, технологийн асуудлаар зохиогдсон Женев, Делигийн симпозиум Москвагийн сансар судлалын “Интерспутник” хуралд улсаа төлөөлөн оролцож, Монголын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмрээ оруулсан шинжлэх ухааны томоохон зүтгэлтэн байлаа. “БНМАУын түүх” гурван боть зохиолыг туурвих ажлын комиссын даргаар ажилласан бөгөөд уг бүтээл нь Монгол түүхчдийн үзэл баримтлалыг илэрхийлсэн, тус улсын албан түүх болохын хувьд түүхийн шинжлэх ухааны тухайн цагийн томоохон ололтын нэг болоод зогсохгүй гадаадын Монгол судлалд ч нэн ач холбогдолтой бүтээл болсон байна. Академич Б.Ширэндэв эх түүхээ судлан боловсруулах үйлст хүчин зүтгэхдээ 1921 оны хувьсгалын түүхийг судалгааны бие даасан чиглэл болгон хөгжүүлж, олон арван бүтээл туурвисан нь эдүгээ түүх шинжлэлийн үнэтэй сурвалж болсоор байгаа юм. 



XX зууны Монголын түүхийн он дарааллын бичигт тэмдэглэгдэх гайхамшигт үйл явдал шинжлэх ухааны томоохон ололт болох Монгол хүнийг сансарт нисгэх үйлст Сансар судлалын Үндэсний зөвлөлийн дарга Б.Ширэндэв томоохон хувь нэмрээ оруулсан билээ.


No comments: