Tuesday, October 23, 2012

худал хуурмагийн үндэс нь буруу бусармаг үйлдэл

“Худал хуурмаг нь бүх муу муухай үйлдлүүд дотроос хамгийн илүү нуугдмал, бүхнээс хялбархан хийгддэг учраас л бид түүнийг хамгийн их бузар муухай зүйл хэмээн харааж зүхдэг юм” гэж нэгэн гүн ухаантан айлджээ. Бузар муухайн адаг хязгаар нь худал хуурмаг аж. Худал хуурмагийн баг дор үнэн төрхөө нуун далдалсан бачтан хамгаас илүү хорлолтой. Тэд нэг суурин дээр хэд хөлбөрч хувирна. Өмнө хэлсэн үгээ ор тас мартаж, тэнгэрээс буусан мэт тэс өөрийг өгүүлж, хүмүүсийн толгойг эргүүлнэ. Худал хуурмагийн үндэс нь буруу бусармаг үйлдэл. Буруу бусармаг үйлдлээ өнгөлөн далдалж, түмний нүднээс нуухын тулд олны чихэнд худал хэлж эхэлдэг. Өөрийгөө өндөг шиг өөгүй болгон дүрслэнэ. Хийгээгүй сайн үйлийг хийсэн болгож дөвийлгөнө. Хийсэн муу үйлээ бусад руу чихэж, уснаас хуурай гарахыг оролдоно. Өмнө үйлдсэн бузар булайгаа нуухын тулд өөр хүмүүс өнөөдөр түүнийг үйлдэж байгаа мэтээр амаа цууртал бурна. Бугийн бодлоо хаацайлахын тулд бурханы нэр барьж андгайлахаас сийхгүй. Тэд сахиулсан тэнгэрийн дүртэй, сарьсан багваахайн явдалтай. Сарьсан багваахай ямар муу явдалтай билээ? Араатан, жигүүртний аймаг хоорондоо арцалдан тэмцэлджээ. Жигүүртний тал ялаад эхэлбэл сарьсан багваахай би нисдэг учир жигүүртэн билээ гэж тэдний талд үйлчилнэ. Араатны тал ялаад эхэлбэл би хулганы төрөлд багтдаг араа шүдтэй араатны гаралтай амьтан билээ гэж эдний талд зүтгэнэ. Байр сууриа олохгүй, барьсан тавьснаа мэдэхгүй, хэлж ярьснаа мартдаг, хийж үйлдсэнээ булзааруулдаг, хов хутган тэрсэлдүүлдэг хүмүүсийг сарьсан багваахайтай зүйрлэдэг. Сарьсан багваахай голцуу шөнийн амьдралтай. Харанхуйд ангуучлан идэш хоолоо залгуулна. Сарьсан багваахай шиг хүмүүст нийгэм харанхуй, ядуу байх тусмаа ашигтай. Худал хэлж хуурахад амар. Идэх хоолыг нь ахиухан амлахад идэж байгаа мэт хошуураад дагана гэсэн ойлголттой. Сарьсан багваахай мэт буруу явдалтан бузар хэргээ бүрэнхий харанхуйд хөшигний ард, далд нууцаар, сэм хуйвалдан амжуулна. Тэд хор найруулахдаа ховорхон мэргэжилтэн шиг, ховлож хутгахдаа ховч эм мэт, дүрсээ өөрчилж дүрд хувирах нь авьяаслаг жүжигчнээс дутахгүй. Сөрөг талын дүрд сэтгэл зүрхээ бүрэн зориулан тоглоно. Эерэг талын дүрд баг өмсөн, нөмрөг нөмрөн жүжиглэнэ. Сарьсан багваахайнууд араатан, жигүүртний дунд чивэлт эм мэт хов хутган, яс хаяж хагаралдуулна. Нэгийг нөгөөгийн эсрэг турхиран байнгын зөрчилтэй байлгаж, хэрүүл тэмцэлдээний утаан хөшгин дунд буруу явдлаа халхлахыг санаархана. Араатан, жигүүртэн хоорондоо хэдийчинээ муу, хорсон дайсагнаж байна, төдийчинээ сарьсан багваахайд сайн. Тэднийг тэмцэлдэн үсээ зулгаалцаж, ясаа хэмхэлж байхад айван тайван бузар хэргээ булахыг нь булж, амжуулахыг нь амжуулна. Хоёр нохой булууны яс булаацалдан уралцахад гуравдахь нь ясыг аваад зугтдаг гэдгийг тэр хэнээс ч илүү мэддэг учир ухасхийхэд бэлэн анаж отож сууна. Намгийн хөлд хэвтэх мэлхий тэнгэрт түгэх одноос амаараа сорон залгихыг мөрөөддөгөөс дутуугүйг сарьсан багваахай мөрөөднө. Араатнууд ялан дийлбэл багваахай араатны хаан арслангийн дээр гараад суучих дотор бодолтой. Жигүүртнүүд ялан дийлбэл жигүүртний хаан хангарьдын дээр гараад заларчих далд санаатай. Өөрөө дээдийн сэнтийд тухалж чадахгүй бол өөрийнх нь гарын зангаа, нүдний харцаар бузрыг хутгах хэн нэгэн дуртай этгээдийг суулгачих санаархалтай. Тэр дуртай этгээд нь тэнэгээрээ илжиг шиг байсан нь ч хамаагүй. Хаан сарьсан багваахайн хэл гэснийг хэлж, хий гэснийг хийж байвал болох нь тэр. Илжиг байх тусмаа сайн. Тархин дундуур нь татаж байхад муухай орилохоос өөр үйлдэл үл хийнэ. Хэрэв араатан жигүүртний хэн нэг нь илт давуу ялаад ирвэл хэвлээр явагч, газраар мөлхөгч, хоёр нутагтан сээр нуруутны аймгийг хор найруулан толгойг эргүүлж өөрийн талдаа татан ялагчийн эсрэг тулаанд турхирна. Хамгийн гол нь сарьсан багваахайн бусармаг үйлдлийг шүүн хэлэлцэх цаг зав өгөхгүй, байнгын үймээн бужигнаан, хэрүүл тэмцэлтэй байх ёстой. Сарьсан багваахайн худал үгэнд хууртсан долдой бялдуучид амтат балан дээр цуглах ялаа мэт бужигнан овоорно. Багваахайн эргэн тойронд овоолгоостой байгаа торхнуудад дүүрэн амтат бал бий гэж хууртагдана. Үнэндээ торхнууд нь аль эрт хоосорсон. Балтай торхнууд тэс өөр хүмүүсийн агуулахад хадгалагдаж байгаа. Бялдуучид багваахайн үгийг тоть мэт даган, үйлдлийг нь сармагчин мэт дууриах үүрэгтэй. Сарьсан багваахайн үнэн төрх ил болж, торхонд бал байхгүйг мэдмэгц хар ялаа шиг шавсан долдойчууд ан араатан шатаж буй ойгоос зугатан холдох мэт зүг зүгтээ зүг буруулан дутаана. Багваахай хөсрийн мод шиг доён ганцаар хаягдана. Сарьсан багваахай мэт явдалтны төөрөг тавилан ийм бөлгөө.

“Худал хуурмаг нь дорой сэтгэл, үлбэгэр ухаан, шалиг араншинг ялгаад өгдөг”. Худалч, нэг худлаа батлаж, нээрээ болгохын тулд ахин дахин, ээлж чөлөөгүй худал ярихад хүрдэг. Тэд нэг худлыг зуу дахин ярихад үнэнд ойртуулан итгүүлж болно гэдгийг тун сайн мэднэ. Худал маш их хор уршигтай. “Үнэний дунд орооцолдсон ганцхан худал бүх зүйлийг эргэлзээтэй болгодог”.

Өөрийн хэлсэн худал, үйлдсэн бузрыг бусад руу чихэж мэлзэх нь хамгаас ёс зүйгүй, бусармаг үйлдэл. Тийм хүмүүс өөрийн бузар булайгаа халхлахаар нөмөрч байсан нөмрөгөө тэр чигээр нь өөр хүнд нөмрүүлж, би биш, тэр нөмрөгтэй нөхөр гэж ичиж зовохгүй заах увайгүй замдаа орсон байдаг. Тэд бусдыг, тэр тусмаа үнэнийг сонсохоо больсон байна. Тэдний чих нь дүлий биш мөртлөө юм дуулахыг болиод зогсохгүй дотоод сэтгэл нь сонсохоо больж, зөвхөн бусдад өөрийнхөө худал хуурмагийг сонсгохыг улайран зүтгэнэ. Ингэхдээ гүтгэх, тулгах, доромжлох, дарамтлах муу арга бүхнийг ил цагаан хэрэглэнэ. “Гүжирдлэг ба худал хуурмаг бол бэртэгчингүүдийн улс төрийн бодлогын хууль мэт арга юм. Одоо хорвоогийн аугаа их хүмүүсийн дунд бохир зүйлээр нялгадуулаагүй нэг ч болов хүнийг олно гэж үү” хэмээн дуу алдсан үнэн үг бий. 

Хариуцлага хийгээд бурууг өөрөөсөө зайлуулан холдуулахын тулд ханилж явсан эрхэм журмын нөхдөө ч анхны гарман дээр худалдахад хэзээд бэлэн, нэр төрийг нь шавар шавхайд хутгах бусармаг үйлдлийг алга урвуулах төдийд юман чинээнд бодолгүй хийнэ. Тэдний хувьд “ярих нь гомдоох гэсэн үг. Тэд өргөс мэт хатгамтгай, шүлт мэт идэмхий, яриа нь шарилжны хандтай хольсон цөс мэт гашуун байдаг ба амнаас нь хөх инээд, тохуурхал, доромжлол шүлс мэт гарна”. Өнгөн дээрээ мууг сайжруулах, бурууг зөвтгөх, алдааг засах аядуу эвлэг үгийг гэгээнтний дүрээр ярих боловч өрцөн дороо хорлох үгүйсгэх, үймүүлэн түйвээх, хагалан бутаргах хорон санаагаа хэрэгжүүлэх гэмтний үйлдлээ зэхнэ. Хэн нэгэнд өсөрхсөн хорслоо тайлах бохир үгний цуглуулгыг үлдээлгүй цацаж, түүндээ гаж донтон шиг баясна. Өс өвөрлөн хонзон санасан хариугаа авахын тулд харааж зүхэх, хардаж сэрдэх, хагалан бутаргах, хуурч мэхлэх есөн шид нь бүрдсэн арга мэхүүдийг угсруулан хийнэ.

Худалчийн үг нь худал, үйлдэл нь хуурамч байна. Өглөгч буянтны дүрд хоромхон зуур хувилж, мөнгөөр мөндөр оруулах тухай амны зоргоор амлаж, аманд хоол халбагадаж өгөх нь холгүй аяглана. Ядуу гуцуу хүмүүсийн сэтгэл зүйгээр их гарын даалуучин шиг тоглоно. Дутагдаж гачигдаж байгаа хийгээд хүсч хүлээж буй зүйл дээр нь тоглолт хийн, хэзээ мөдгүй хишиг буяны бороо цутгах мэтээр үгээр илбэдэн хуурна. “Хуурамч зүйл хэзээ ч бат бөх байдаггүй”. Таван алхмын цаана л тар нь танигдаж, зэс гууль нь цухуйн худал үгээр тархи угааж, хуудуу явдлаар хуурч байгаа нь мэдэгдэнэ. Нэг удаа, богино хугацаанд хүмүүсийг хуурч дөнгөдөг юмаа гэхэд байнга хууртагдаад байна гэж байхгүй, худалдан авч бүр чадахгүй. Олон түмэн нүдээр харж, чихээр сонсохгүй ч зүрх сэтгэлээрээ мэдэрч, хэн нь хэн бэ гэдгийг ялгаж салгаж байдгийг худал үгт, хуурамч явдалтнууд ойшоодоггүй, буруугаа булах хүсэлдээ хөтлөгдөн шинэ шинэ хуурамч үйлдлээ бэлдэж зэхсээр байдаг. Буруу замаар будаа тээж явна гэдгээ өөрөө мэдэж зогсохгүй бол яван явсаар ариун гэгээн юмны үртэс өөдөсгүй болж адгийн шаар гэж хэлэгдэх хэмжээнд доошилно. “Чухамхүү худал хуурмаг л хүнийг доошлуулдаг билээ”. Худал хуурмагаас салж чадахгүй орооцолдсоор яваа хүн олон давхар шийтгэл хүлээж өөрийгөө хохироосоор байна. Худалчийг үнэн яриад байхад нь хүртэл худал хэлж байна гэх нь түүнд оноох шийтгэл. Улмаар түүнийг хэн ч сонсохоо болих нь хамгийн хатуу шийтгэл. “Худалчийн шийтгэл нь түүнд хэн ч дахиад итгэхгүйд биш, харин тэрээр өөрөө дахиад хэнд ч итгэж чадахгүйд байдаг”. Худалчид хэзээ итгэж болох вэ? Өөрөө худлаа хэлсэн юмаа гэсэн үгэнд нь л итгэж болно. Саруул ухаантай хүн өөрт байгаа бүхнээ худал хуурмагт зориулж яавч болохгүй. “Хүн байдгаа худал хуурмагт зориулахын цагт түүнийг ухаан болон авьяас орхидог нь ямар гээчийн агуу үнэн билээ” хэмээн нэгэн агуу хүн халаглан хэлсэн байна.

Одоо сарьсан багваахайн үлгэрээ жаргаая. Араатан жигүүртнүүд арцалдан тэмцэлдэхээ зогсчээ. Хоёр талд хов зөөн хутгаж, хагаралдуулан тэмцэлдүүлэгч нь араатан ч биш, жигүүртэн ч биш-сарьсан багваахай юм байна гэдгийг мэдээд түүнийг ой хөвчөөсөө нэгэн дуугаар хөөв. Түүнээс хойш араатан жигүүртнүүд арцалдан тэмцэлдэхгүй амар тайван аж төрөх болжээ. Сарьсан багваахайн үлгэрийг санаж яваарай гэж үлгэр жаргадаг байж билээ.


                             Монгол улсын 2 дахь ерөнхийлөгч Н. Багабанди

өөрийгөө бүү өргө бусдыг бүү доош хий.

Урам магтаалын үгэнд урамшин хөөрдөггүй хүн ховор биз ээ. Улаан нүүрэн дээр нь магтах увайгүй зусрын үгэнд л уулгамчлан баясах хэрэггүй. Юм бүхэн өөрийн цагтайн дээр өөрийн хэмжээтэй.  Хэмжээнээс хэтэрсэн бүхэн хор болно. “Хэрээсээ хэтэрсэн ямар ч буянт үйл муухай явдал болон хувирдаг”. Хэмжээнээс хэтэрсэн магтаал хайран сайхан хүнийг мөн ч амархан яйран болгож эвдэнэ дээ. Дүүрэн устай байгаа хувин сав руу ус нэмж хийж болдоггүй, хальж асгарна. Хэр хэмжээнээс хэтийдэж давсан магтаал тус биш, ус болно. 

    Магтаал сайшаалыг хэтрүүлэн хүлээн авч, түүндээ хөөрөн дэврээд байвал удаан үйлчилгээтэй хор бага бага тунгаар залгиж байгаагаас онцын ялгаагүй хорлол. Магтаалын амтанд бялууран согтсон хүн бусдаас магтаал горьдон хүлээдэг байснаа өөрийгөө алхам алхмаар магтаж, хор залгиж эхэлнэ. Яван явсаар ам нээвэл өөрийгөө өргөн дөвийлгөх хөгийн зуршилтай болж, магтаалын үерт авахуулан, юунд ч торж тогтохгүй урсана. Түүгээр үл барам гэгээн саруул ухаантай байсан хүн нэг л мэдэхэд мулгуу тэнэг мэт өөрийгөө магтагч болон төрөл арилжина. 

    Тэнэг бүхэн өөр өөрийн тэнэглэлтэй. Биеэ хөөргөн магтах нь нэгэн төрлийн тэнэглэл. Магтаалын үерт живж байгаагаа эртхэн мэдэж, биеэ татаж ухаажихгүй бол ийм төрлийн тэнэглэлд аалзны торонд орсон ялаа мэт орооцолдоно. “Ухаантай хүн морио магтана, тэнэг хүн өөрийгөө магтана”. Өөрийгөө магтагч өөрийн хийснийг өргөн дөвийлгөдөг байснаа бусдын хийснийг ч өөрийн болгон сагсуурч, хамтдаа бүтээснээ ганцаар хийсэн мэт хадуурна. Улмаар уулсын дээрх уул мэт овойж, үүлний дээрх үүл мэт хөвсийлгөн бодож өөрийгөө хий хоосон хөөрөгдөнө. Үнэн хэрэгтээ үлээсэн гүзээ хий нь гарсан мэт шалчийсан байгаагаа үл ухаарна. “Биеэ магтамтгай хүн - ухаантны доог, тэнэгийн бишрэл, бялдуучийн амттай олз, өөрийнхөө нэрэлхүү зангийн боол болдог”. Биеэ магтагчид өөрийг нь хөөргөн магтаж зулгуйдсан бялдуучдад хөл алдан найр тавина, магтаагүй хүнийг нүд үзүүрлэн хялайна. Тун удалгүй шударга нөхдөө түлхэн холдуулж, зусар бялдуучдаар хүрээлүүлэн тойруулж, хүнээ алдан эвдэрнэ. Зусар бялдуучид сэвсэн дээр шавах хар ялаа мэт биеэ дөвийлгөн магтагчийн эргэн тойронд шаван цуглах нь ёс юм шиг. Олон түмэнд танигдан од болох амархан, од шиг үргэлж гялалзах хэцүү. Олны хайр хүндэтгэлд онгирч саган, урам магтаалд хөөрөн сагсуурвал олж авсан нэр хүнд хөөрүүлж байгаа сүү дэврэн хормын төдийд хальж асгарах адил алдагдана. Хальж асгарсан сүүг хаман авч болдоггүй бол алдарч доройтсон алдар хүндийг эргүүлэн сэргээхэд бэрх. Алдар хүнд алдарч доройтоод ирэх цагт эргэн тойронд нь шаваастай эргэлдэж байсан бялдуучид үргэсэн ялаа мэт нисэн одоцгооно. Амны хэмжээгээр өөрийгөө магтагч адаг муу. Хэдийчинээ өөрийгөө хөөрөгдөнө, төдийчинээгээр хүмүүс чамаас нүүр буруулна. Гоо сайхныг чинь харж байна, мэргэн цэцнийг чинь сонсч байна, буянтай өгөөмрийг чинь мэдэрч байна. Хэтрүүлэн гайхуулахын хэрэг юу байх вэ. Ямар ч хүнд бусдаас давуу биш юмаа гэхэд дутуу биш, гайхуулах зүйл байж л таарна. Одоо байгаагаараа гайхуулахын зэрэгцээ ирээдүйд гайхуулах юмтай байхын төлөө одооноос мэрийх хэрэгтэй. Өнгөрснөөрөө гайхуулаад байгаа хүнд өнөөдөр гайхуулах юмгүй болсны шинж.

    Ойрын хүмүүсийнхээ өөрт чинь тус болохоор өөлж шүүмжилж хэлсэн үгийг өөнтөглөн дургүйцэлгүй сонсвол ангаж цангасан хүнд авралын ус өгөх мэт тустай. Ухаантай эрийн эхнэр дутагдал, тэнэг эрийнх нь магтаал хайж байдаг гэдэг. Эхнэр чинь чамаас дутагдал хайж байна уу, магтаал хайж байна уу гэдэг хялбархан шалгуураар биеэ шинж. “Өөрийгөө шүүмжлэх юм бол чамд итгэцгээнэ, магтах юм бол хэзээ ч итгэхгүй”. Өөрийгөө битгий магт, хүмүүс чамайг магтаг. “Өөрийнхөө тухай магтаж ярихаас илүү дур гутам зүйл байдаггүй”. Хүмүүсийн хэлсэн урам магтаалын үгийг ч авах гээхийн ухаанаар тунгаан бодож хүлээн ав. Чин сэтгэлээсээ хэлсэн магтаал сайшаалын үгийг чин сэтгэлдээ шингээн авч баярла. Ёс болгон хэлсэн өнгөц магтаалд хөл алдан хөөрч, битгий баяс. Чихэр, давс нь ихэдсэн магтаалын үгийг чихнийхээ хажуугаар өнгөрөө. Нэмэр хачир нь хэтийдсэн магтаалын үгийг нэг чихээрээ оруулан, нөгөөгөөр гарга. Өнгөн дээрээ магтаалын үгс урсгах мөртлөө өрцөн дороо хараал зүхэл нууж явдаг хүмүүстэй хавьтаж ойртон бүү нөхөрлө. “Өөрийгөө магтах нь “би чамаас дээр” гэж бусдад бүдүүлгээр хэлэхтэй адил”.

    Өөрийгөө өргөн дөвийлгөж магтахгүй байхын хамт бусдыг доромж тохуу үгээр дайрч, доош хийн битгий доромжил, дорд үзэж бүү дээрэлх. Аливаа хүн өөрийг нь доош хийсэн доромж тохуу үг хэл, басамжлан тохуурхсан үг хийгээд үйлдэлд ясны дургүй байдаг юм. Чадаад хийчих зүйлийг нь чадахгүй гэж басамжилсан гашуун үг дориун ухаантай нэгний хор шарыг дэвэргэж, хийж бүтээх чадавхийг нэмдэг бол дутуу ухаантай нөгөөгийнх нь урмыг хугалж, хөл гарыг нь хүлж тушин, дургүйд хүчгүй болгоно. 

    Мууг магтаж болохгүйн адил сайныг муулж болохгүй. Мууг хэчнээн магтлаа ч хар хэрээг өнгийн будгаар эрээлжлүүлэн будаад тогос болгон хувиргаж болохгүйтэй адил муу чигээрээ үлдэнэ. Сайныг хэчнээн үгүйсгэж, хэдийчинээ мууллаа ч даравч дардайна, булавч бултайна гэдэг шиг сайн чигээрээ тодорно. Ер нь муу их байхаас сайн бага байсан нь дээр. Тааруухан зүйлтэй учирч байснаа марталгүй санаж, бусдад тааруу үйл битгий үйлд. Чамд тааруухан зүйл бусдад ч тааруухан. Айх айдасгүй байя гэвэл бусдад муу юм бүү хий. Бусдаас хүртсэн тусынхаа хариуд тэр дор нь таларха, хорлолын хариуг хойш нь тавь. Хорлолыг хорлолоор хариулаагүй хүн өөрийгөө болон нөгөөгөө хоёуланг нь аварна. Хорлолыг хорлолоор хариулаад байвал хорлолын тойргоос гарч чадахгүй бие сэтгэлээрээ зовно.

    Удирдлагад нь байгаа хүнийхээ өмнө учирлан тайлбарлана уу гэхээс уурлаж хэдэрлэх хэрэггүй. Удирдагч хүн ажилтнуудынхаа нүдэн дээр нь хэлж ярьдаг, харин ажилтнууд нь даргынхаа тухай нүднээс далд ярьцгаадаг. Тийм газарт хүнлэг харилцаа, найрсаг зохицол, харилцан итгэлцэл, хайр хүндэтгэл сарнин саарч, дээр дорын ялгаа зааг холдон холдсоор байх вий. Үл итгэлцэл, хардлага сэрдлэг, хов живээс хол байхыг хүсвэл нүүр нүүрээ харж байгаад ярилцчихдаг болох хэрэгтэй.

    Хөл хүрэх газраа өшиглөж, хүзүү хүрэх газраа хазаж, хэл хүрэх газраа доош хийн доромжлох хавьтаж ойртоход халгаатай хахир хүмүүсээс холын хол байхыг эрмэлз. Хануур хорхой шиг наалдаад байгаа хүн бүхэн сайн биш, зай барин дөлж холхон байдаг хүн бүхэн муу биш гэдгийг мэд.

    Ажлын эрх ашгийн төлөө, өөрийнх нь сайн сайхны төлөө ил хэлж байгаа хайр нь дотроо, хал нь гаднаа хатуу хүтүү үгийг тэвчээртэй сонсож, тэвчин өнгөрөөж сурвал чамд хэрэгтэй. Тэргэнд хөллөсөн морь л ганцаараа дэлбэгчийн ташуурын амтыг амсдаг юм биш, буулганд зүтгэж байгаа бүхэн ташуурын амт амсдаг нь хорвоогийн жам. Хүн хэдий сайн ч хэлэхээс наашгүй, цаас хэдий нимгэн ч чичихээс наашгүй гэдэг шиг ухаарал өгч, ухаан оруулсан ташуурын амттай үгийг үе үе сонсож байхад гэмгүй. Тархин дундуур нь татаад авбал илжиг хүртэл ухаажина гэдэг. Харин ноён мэт зандарч, нохой мэт архирч байгаа тэнэг мунхаг хүний урдаас нохой мэт архирах хэрэггүй. Чи нохойтой ярьдаггүй биз дээ. Хуцсан бүгдийг нохой гэдэггүй, ярьдаг бүхнийг хүн гэдэггүй гэх үгийг санаж, амаа хамхиж, биеэ барь. Чулууг чулуу дийлдэггүй, чулууг ус дийлнэ. Зөөлөн нь хатуугаа илээнэ. “Тэнэг мунхаг хүнтэй тэмцэж маргах хэрэггүй”.

    Хэрэв чамд бусдаас давсан сайн чанарууд байгаа бол тэр тухайгаа хаа хамаагүй хашгирч, зарлаж явахын хэрэг юу байна? Хүмүүс тэртэй тэргүй, хэлсэн хэлээгүй мэднэ. “Өөрийнхөө сайн чанарыг ухаарах нь ухаантай хүнийг улам даруу, улам нуруутай болгоно”. Харин, “Өөрийгөө өргөмжлөх нь оюун ухааны даруу биш зан юм”. Өөрийгөө өргөмжилдөг хүнээс ухаантай хүн сайн зүйл олж хардаггүй, тэнэг хүмүүс л гайхалтай сайн чанаруудыг олж сонсон биширнэ. Биеэ магтах зуршил нь хүний эрүүл оюун ухааныг бохиртуулна. Өөрийгөө дөвийлгөн магтах тэр хэмжээгээр хүн уруудан тэнэгтэж, улмаар үнэн бодит дүр төрх нь утга учраа алдан, өмхөрсөн сэтгэлийн хог хаягдал дунд торойн үлдэнэ. Угаасаа “маадгар зан болон биеэ өргөмжлөх нь хүнийг тэнэг болгодог золгүй явдал мөн”.

    Болзошгүй алдаанаас сэргийлэх, болчимгүй үйлдлээс хамгаалах чамтай үргэлж хамт байдаг гарын дор арга бол өөрийнхөө байгаа байдал, хэлж ярьж, хийж үйлдэж байгаагаа байнга хянаж байх явдал юм. Өөрийнхөө тухай даваадуулсан бодолтой болж, үг ярианд чинь биеэ хэтрүүлэн магтах, үйлдэл хөдлөлд чинь биеэ тоосон ихэрхүү байдал, омголон дээрэлхүү шинж илрээд эхэлбэл оюун ухаандаа согог сууж байна гэдгээ мэдрэн, газар авч даамжраагүй дээр нь биеэ татаж аваарай. Ер нь “өөрийгөө өргөмжилдөг хүн тэнэг, увайгүй хоёрын дунд нь байдаг, түүнд аль алиных нь шинж илэрдэг” хэмээн нэгэн бичгийн хүн хэлсэн байна. Хүн өөрийн гараар өөрийгөө дээш өргөж болдоггүй шиг биеэ хэт өргөмжлөн магтаж болохгүй. Биеэ даваадуулан үнэлж, дээш хөөргөн магтахыг оролдсон оролдлого бүхэн чамайг доош татан унагаасаар байх болно. Цээжээ дэлдсэн хоосон магтаал биш, үйл бүтээл чинь чамайг өргөмжлөнө. Даруухан бай. “Хүчтэй хүмүүс ямагт энгийн даруу байдаг” юм. Намайг ил далд амаа цууртал муу хэлж байгаа. Тэгэхээр би өөрийгөө магтаж байя л даа. Өөрийгөө магтахгүй бол хэн намайг магтах вэ гэх үзэл бодолтой хүмүүс бий. Тэднийг буруутгах аргагүй. Өөрийн бодол өөртөө зөв. Гагцхүү хэмжээ хэтрүүлэн магтах л хэрэггүй. Магтаал сонсох таатай ч бас ичмээр мэдрэмж төрнө. Магтаал сонсоод ичингүйрэн, биеийн хаа нэгтээ хөлс чийхарч байвал өөрийгөө эрүүл бөгөөд энгийн даруухан хэвээр байна гэдгээ мэдээрэй.
                                                                        Монгол улсын 2 дахь ерөнхийлөгч Н. Багабанди

Sunday, October 7, 2012

муис 70 жил

Би үнэхээр баяртай байна. 
Улсын их сургуулиас өөрийн ажил амьдралын гараагаа эхлэхээр би сурч байна. Эрдэмтэн профессор багш нарынхаа хэлсэн " нэг " үгнээс мянган утга цацруулан ихийг ойлгохыг хичээж яваа жирийн нэг оюутанд " соёлын төв өргөөний" алтан тайз дээр гарах нэг боломж олдсон нь МУИС -ийн 70 жилийн ойтой холбоотой байлаа. Миний бие урьд өмнө нь " соёлын төв өргөөний" урдуур хойгуур нь алхаж үзэж байснаас дотор нь орж нэг ч үзвэр үйлчилгээ үзэж байгаагүй юм. За за энэ ч яахав. Үзээгүй юмаа үзнэ гэхийг "нүд тайлах"гэдэг болохоор л биччихлээ. 
Ангийн дарга Төрболд, Газарзүйн сургуулийн оюутны зөвлөлийн дэд тэргүүн Цэрэнзундуй, universe best song ийн Одсүрэн, Алдарт уяач Баатархүү, Сандагдорж, Өвөө буюу Увс нутгийн хүү Галбадрах, Биологийн сургуулийн Дагваа, Мэндээ, Алдарт том ах буюу Сибирийн баавгай шинэ нэр нь Тундр, Нийгмийн сургуулийн Урт үст Амараа, Эрүүндээ сахалтай нүдэндээ давхраатай Сэнгээ, алдарт Арго багш, Дэндэв, Мөнгө зээлдэг Дугараа, Биологч Пүрэвдулам, Гитарчин Анар, Эрка, MNB д орчвол ажил нь бүтэх Гэрэлмаа, Төрөө, Амраагийн харж явдаг Нэмүлэн, Ариунаагийн дууг амилуулж чаддаг Түмээ гээд нэр хоч алдар цолоор нь дуудвал МУИС ийн найрал дуучдыг нэрлэнэ. 
  • Бренд асуултаар гангардаг Зундуйгийнхаа талаар товч бичвэл: тэрээр хааяа нэг худлаа хэлэхийг зөвшөөрдөг, гэхдээ тэр нь зөв байх ёстой гэж хатуу шаардлага тавьдаг. Эмэгтэй хүнийг үнэн голоосоо хайрлахыг номлодог, хэрвээ тогловол тэр хэзээ ч өршөөхгүй.
  • Төрболд: Алтан намарыг дуулвал хоолойны цар хүрээ нь мэргэжлийн түвшинд хүрэх хэдий ч найралдаа болон 2 хоолойндоо үнэнч учир бидэнтэй үлдсэн. Хоолны нэрний цэснээс охины дугаар авчдаг сэргэлэн, хааяа хааяа ангийнхандаа такс шахна, зээлийн өрийн бичиг хар дансыг тэр хөтлөнө.
  • Сандагаа бол тамхинаас их айдаг, морь уядаг, хөмсөг ихтэй сайхан залуу. Насны баясгаланг Зангад гуайтай хамтарч дуулснаар бид сайн мэднэ.
  • Баатархүү бол "Дарьганга" гэх нутаг усны тухай дууг их сайхан дуулна. Тэрээр гоцлол дуунд оролцохоор өрсөлдсөн ч univers ийн Одко, Монгол дууны их наадмын шилдэг оролцогч Эрдэнэгомбо зэрэг байсан болохоор арга буюу найралдаа үлдсэн.
Найрал дууныхантайгаа хамт өнгөрззлсэн 1 сар, Level д өрнүүлсэн яриа, Tse-d суусан яриа, хамт хоололсон үеийн яриа, караокед дуулсан 3 цаг гэх мэт хамт байсан үеийн дурсамжуудыг сэргээн санаж, эвлүүлэн бичлээ. энд нэр хоч нь дурьдагдаагүй хүмүүс өөрсдийгөө азтайд тооцоорой. 
Хамт өнгөрүүлсэн нэг сар их олон дурсамжийг өөртөө агуулсан том сар байлаа. Та бүхнийгээ хэзээ ч мартахгүй. 2012 10 16



Соёл урлагийн их сургуулийн хормистрийн ангийн оюутан MJ буюу Мөнхжаргал
Урлагийн сургуулиас олон найзтай болох боломжийг МУИС 70 жил надад олгов.


 Дууг нь сонсдог, дагаж дуулах дуртай дуучинтайгаа хамт зургаа татуулах боломж МУИС 70 жил байлаа.

Бидэнтэй уулзах бүрд нь бид алга ташин хүлээж авдаг, найруулагчийн ганц "ах" аа гэж дууддаг эрхэм хүн Зангад гуай байлаа.


Очих маргаашийн гэрлийг асаасан оюутан цаг минь насны баясгалан Булган багштай.

СУИС д суралцах хүсэл надад байсан. Гэвч хүсэл бүхэн биелдэггүй болохоор би өөр мэргэжил сонгосон. Аз таарч 1 сарын хугацаанд намайг СУИС д сургасан эрхэм багш Оюунхишиг.



Намайг амьдралаа сайхан авч явнаа гэж урам өгсөн хүн Сандагаа байлаа.
манай найз дээрх хүнээс хөмсөгөөрөө дутахгүй. ккк

Обамадах гэдэг нэртэй зураг байна.
Бид насаар үе ч Одко бидний ах шиг л байдаг.
Одоо бодоход Жак багштай хамт зургаа татуулсан маань бараг анх удаагаа гадаад хүнтэй авхуулсан зураг юм шиг байна.





Халимаг улсаас МУИС д сурч байгаа оюутан Феликс Шорваев : fshorvaev@.mail.ru
бид сайн найзууд болж, сургууль дээрээ дахин нэг уулзсан юм.



Энэ клипэн дээр 2 удаа гарч байна. Дугуй заланд олон оюутнууд дотроос намайг олоорой. Мөн дууны төгсгөл хэсэгт Энхтайван ахын ард оюутнууд дуулахад мөн гарч байна.     
2012 оны 10 сарын 16 нэхэн дурсахуй.

Tuesday, September 25, 2012

эрдэмтэн багш нартайгаа

ДҮГЭРИЙН РЭГДЭЛ
Биохимич, биологич
       Одоо ажиллаж байгаа газар:
2009-                     ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч
1951 онд Говь-Алтай аймгийн Бигэр сумын Ханан хэмээх газар төрсөн. 1976 онд ЗХУ-ын Харьков хотноо А.М.Горькийн нэрэмжит Улсын Их сургуулийг төгсчээ.
Эрдмийн цол, зэрэг:       
·         Ph.D. хамгаалсан сэдэв, он: “Reinigung und Charakterisierung der Lipoxygenasen der Erbse” (Вандуйн липоксигеназыг ялгаж цэвэршүүлэх, тодорхойлолт өгөх), Берлин,1985.
·         D.Sc. хамгаалсан сэдэв, он: “Липоксигеназууд. Нийтлэг шинж, өвөрмөц онцлог” УБ.,2001.
·         Академич цол хүртсэн он: 2002.

 Ч.Дагвадорж
Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн,
Утга зохиолын шүүмжлэгч
доктор профессор
Эцэг/эхийн нэр: Лувсандоо
Нэр: Чулуунбаатар
Сургууль: Нийгмийн Шинжлэх Ухааны Сургууль
Бүтцийн нэгж: Түүхийн тэнхим
Албан тушаал: Профессор
Эрдмийн цол: Ph. Doctor
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор профессор Б. Даш-Ёндон багшийн хамт.
Монгол Улсын гавъяат багш Ц.Ганболд багшийнхаа хамт.

тэнхмийн шилдэг оюутан болохдоо 2013

Monday, September 10, 2012

Шинэ-Идэрийн оюутнууд уулзав

Энэ жил би 3р курс. Сумын оюутнуудаа цуглуулж тэднийгээ хооронд нь уулзуулж ах эгч оюутнуудтай нь уулзуулж баярлуулах ажлыг бидний үеийнхэн хийх ёстой байсан бөгөөд ийм ажил яг үнэндээ үгүйлэгдэж байлаа. Энэ уулзалтын ажлыг зохион байгуулах санаачилгаа анги бүрийн төлөөл оюутнуудад хэлэхэд зарим нь хоттой сайн танилцаж амжаагүй болохоор хотыг сайн мэддэг болж байж л уулзана гэсэн бодолтой явжээ. арга ч үггүй биз. нам гүм тайван орчинд хүүхнп насыг өнгөрүүлсэн юм чинь. шинэхэн оюутанд хот эхний удаад мэдээж түвэгтэй санагдаж байгаа. Тэд маань гэрээ, сургуулиа, сумаа санаж л байгаа.
Энэ уулзалт 9сарын9ны өдрийн 12 цагт Сүх жанжны талбай дээр уулзсанаар "Богд хааны ордон музей" үзэж, дурсгалын зургаа татуулснаар энэ удаагийн уулзалт өндөрлөх ёстой байсан ч "Соёл боловсролын ажилтны" амардаг өдөр байсныг бид мэдсэнгүй. Уул нь 9 сарын 15 хүртэл ажиллана гэж мэргэжлийн хүнээс сонссон нь буруу байсан юм билээ.
9 сарын эхний өдрүүдэд нар шарж, дулаан төөнөсөн дан цамцнаас өөр хувцас өмсөхөөргүй байсан ч яг биднийг уулзах өглөө бороо орж, будан суусан хүйтэн өдөр таарч охидуудыг нэлээн дааруулж орхив. Тэр өдөр харин бидэнд үзэж харах юм их байж дурсгалын зургийг хэд хэдээр нь татуулснаар "Төрийн ордон" той танилцаж , үүний дараагаар анги ангиараа хоолонд орсны дараа 18цаг30 минутаас 20 цаг 30 минут хүртэл заланд тоглон нэг өдрийг өнгөрөөлөө. Өглөөний уулзалт дээр 30 гаруй оюутан ирсэн бөгөөд оройн тоглолт дээр оюутны тоо нэмэгдэж ирсэн байлаа. Сүүлийн хэдэн жил ийм уулзалт болоогүй тасарсан байсан юм билээ.  Хэдийгээр цаг агаар хүйтэн байсан ч, бороо орж байсан ч, манай оюутнууд даарч байсан ч, бидний уулзалт өглөөнөөс орой болтол бүтэн өдрийн уулзалт болсон юм.
Нэгэнт орой болж бид тарах болцгоосон байв.  Уулзаад яриад хөөрөөд явахаар нэг өдөр гэдэг тун богино гэдгийг манай оюутнууд бүгд мэдэрсэн юм.
Уулзалт тарахад нэгэн дүү оюутнаас ирсэн мсж ийг бичихгүй бол энэ тэмдэглэл утгагүй мэт санагдана.
" Нутгийнхантайгаа уулзаад гоё байлаа. Та үргэлж ийм манлайлагч нь байгаарай, таньд маш их баярлалаа. Мэдэхгүй зүйл гарвал бид таниас асууж байна шүү. Та ах хүний халуун дулаан сэтгэлийг харуулж чаддаг шүү"  гэж амжилт хүссэн байлаа.









2012 оны 9 сарын 9