Урам магтаалын үгэнд урамшин хөөрдөггүй хүн ховор биз ээ. Улаан нүүрэн дээр нь магтах увайгүй зусрын үгэнд л уулгамчлан баясах хэрэггүй. Юм бүхэн өөрийн цагтайн дээр өөрийн хэмжээтэй. Хэмжээнээс хэтэрсэн бүхэн хор болно. “Хэрээсээ хэтэрсэн ямар ч буянт үйл муухай явдал болон хувирдаг”. Хэмжээнээс хэтэрсэн магтаал хайран сайхан хүнийг мөн ч амархан яйран болгож эвдэнэ дээ. Дүүрэн устай байгаа хувин сав руу ус нэмж хийж болдоггүй, хальж асгарна. Хэр хэмжээнээс хэтийдэж давсан магтаал тус биш, ус болно.
Магтаал сайшаалыг хэтрүүлэн хүлээн авч, түүндээ хөөрөн дэврээд байвал удаан үйлчилгээтэй хор бага бага тунгаар залгиж байгаагаас онцын ялгаагүй хорлол. Магтаалын амтанд бялууран согтсон хүн бусдаас магтаал горьдон хүлээдэг байснаа өөрийгөө алхам алхмаар магтаж, хор залгиж эхэлнэ. Яван явсаар ам нээвэл өөрийгөө өргөн дөвийлгөх хөгийн зуршилтай болж, магтаалын үерт авахуулан, юунд ч торж тогтохгүй урсана. Түүгээр үл барам гэгээн саруул ухаантай байсан хүн нэг л мэдэхэд мулгуу тэнэг мэт өөрийгөө магтагч болон төрөл арилжина.
Тэнэг бүхэн өөр өөрийн тэнэглэлтэй. Биеэ хөөргөн магтах нь нэгэн төрлийн тэнэглэл. Магтаалын үерт живж байгаагаа эртхэн мэдэж, биеэ татаж ухаажихгүй бол ийм төрлийн тэнэглэлд аалзны торонд орсон ялаа мэт орооцолдоно. “Ухаантай хүн морио магтана, тэнэг хүн өөрийгөө магтана”. Өөрийгөө магтагч өөрийн хийснийг өргөн дөвийлгөдөг байснаа бусдын хийснийг ч өөрийн болгон сагсуурч, хамтдаа бүтээснээ ганцаар хийсэн мэт хадуурна. Улмаар уулсын дээрх уул мэт овойж, үүлний дээрх үүл мэт хөвсийлгөн бодож өөрийгөө хий хоосон хөөрөгдөнө. Үнэн хэрэгтээ үлээсэн гүзээ хий нь гарсан мэт шалчийсан байгаагаа үл ухаарна. “Биеэ магтамтгай хүн - ухаантны доог, тэнэгийн бишрэл, бялдуучийн амттай олз, өөрийнхөө нэрэлхүү зангийн боол болдог”. Биеэ магтагчид өөрийг нь хөөргөн магтаж зулгуйдсан бялдуучдад хөл алдан найр тавина, магтаагүй хүнийг нүд үзүүрлэн хялайна. Тун удалгүй шударга нөхдөө түлхэн холдуулж, зусар бялдуучдаар хүрээлүүлэн тойруулж, хүнээ алдан эвдэрнэ. Зусар бялдуучид сэвсэн дээр шавах хар ялаа мэт биеэ дөвийлгөн магтагчийн эргэн тойронд шаван цуглах нь ёс юм шиг. Олон түмэнд танигдан од болох амархан, од шиг үргэлж гялалзах хэцүү. Олны хайр хүндэтгэлд онгирч саган, урам магтаалд хөөрөн сагсуурвал олж авсан нэр хүнд хөөрүүлж байгаа сүү дэврэн хормын төдийд хальж асгарах адил алдагдана. Хальж асгарсан сүүг хаман авч болдоггүй бол алдарч доройтсон алдар хүндийг эргүүлэн сэргээхэд бэрх. Алдар хүнд алдарч доройтоод ирэх цагт эргэн тойронд нь шаваастай эргэлдэж байсан бялдуучид үргэсэн ялаа мэт нисэн одоцгооно. Амны хэмжээгээр өөрийгөө магтагч адаг муу. Хэдийчинээ өөрийгөө хөөрөгдөнө, төдийчинээгээр хүмүүс чамаас нүүр буруулна. Гоо сайхныг чинь харж байна, мэргэн цэцнийг чинь сонсч байна, буянтай өгөөмрийг чинь мэдэрч байна. Хэтрүүлэн гайхуулахын хэрэг юу байх вэ. Ямар ч хүнд бусдаас давуу биш юмаа гэхэд дутуу биш, гайхуулах зүйл байж л таарна. Одоо байгаагаараа гайхуулахын зэрэгцээ ирээдүйд гайхуулах юмтай байхын төлөө одооноос мэрийх хэрэгтэй. Өнгөрснөөрөө гайхуулаад байгаа хүнд өнөөдөр гайхуулах юмгүй болсны шинж.
Ойрын хүмүүсийнхээ өөрт чинь тус болохоор өөлж шүүмжилж хэлсэн үгийг өөнтөглөн дургүйцэлгүй сонсвол ангаж цангасан хүнд авралын ус өгөх мэт тустай. Ухаантай эрийн эхнэр дутагдал, тэнэг эрийнх нь магтаал хайж байдаг гэдэг. Эхнэр чинь чамаас дутагдал хайж байна уу, магтаал хайж байна уу гэдэг хялбархан шалгуураар биеэ шинж. “Өөрийгөө шүүмжлэх юм бол чамд итгэцгээнэ, магтах юм бол хэзээ ч итгэхгүй”. Өөрийгөө битгий магт, хүмүүс чамайг магтаг. “Өөрийнхөө тухай магтаж ярихаас илүү дур гутам зүйл байдаггүй”. Хүмүүсийн хэлсэн урам магтаалын үгийг ч авах гээхийн ухаанаар тунгаан бодож хүлээн ав. Чин сэтгэлээсээ хэлсэн магтаал сайшаалын үгийг чин сэтгэлдээ шингээн авч баярла. Ёс болгон хэлсэн өнгөц магтаалд хөл алдан хөөрч, битгий баяс. Чихэр, давс нь ихэдсэн магтаалын үгийг чихнийхээ хажуугаар өнгөрөө. Нэмэр хачир нь хэтийдсэн магтаалын үгийг нэг чихээрээ оруулан, нөгөөгөөр гарга. Өнгөн дээрээ магтаалын үгс урсгах мөртлөө өрцөн дороо хараал зүхэл нууж явдаг хүмүүстэй хавьтаж ойртон бүү нөхөрлө. “Өөрийгөө магтах нь “би чамаас дээр” гэж бусдад бүдүүлгээр хэлэхтэй адил”.
Өөрийгөө өргөн дөвийлгөж магтахгүй байхын хамт бусдыг доромж тохуу үгээр дайрч, доош хийн битгий доромжил, дорд үзэж бүү дээрэлх. Аливаа хүн өөрийг нь доош хийсэн доромж тохуу үг хэл, басамжлан тохуурхсан үг хийгээд үйлдэлд ясны дургүй байдаг юм. Чадаад хийчих зүйлийг нь чадахгүй гэж басамжилсан гашуун үг дориун ухаантай нэгний хор шарыг дэвэргэж, хийж бүтээх чадавхийг нэмдэг бол дутуу ухаантай нөгөөгийнх нь урмыг хугалж, хөл гарыг нь хүлж тушин, дургүйд хүчгүй болгоно.
Мууг магтаж болохгүйн адил сайныг муулж болохгүй. Мууг хэчнээн магтлаа ч хар хэрээг өнгийн будгаар эрээлжлүүлэн будаад тогос болгон хувиргаж болохгүйтэй адил муу чигээрээ үлдэнэ. Сайныг хэчнээн үгүйсгэж, хэдийчинээ мууллаа ч даравч дардайна, булавч бултайна гэдэг шиг сайн чигээрээ тодорно. Ер нь муу их байхаас сайн бага байсан нь дээр. Тааруухан зүйлтэй учирч байснаа марталгүй санаж, бусдад тааруу үйл битгий үйлд. Чамд тааруухан зүйл бусдад ч тааруухан. Айх айдасгүй байя гэвэл бусдад муу юм бүү хий. Бусдаас хүртсэн тусынхаа хариуд тэр дор нь таларха, хорлолын хариуг хойш нь тавь. Хорлолыг хорлолоор хариулаагүй хүн өөрийгөө болон нөгөөгөө хоёуланг нь аварна. Хорлолыг хорлолоор хариулаад байвал хорлолын тойргоос гарч чадахгүй бие сэтгэлээрээ зовно.
Удирдлагад нь байгаа хүнийхээ өмнө учирлан тайлбарлана уу гэхээс уурлаж хэдэрлэх хэрэггүй. Удирдагч хүн ажилтнуудынхаа нүдэн дээр нь хэлж ярьдаг, харин ажилтнууд нь даргынхаа тухай нүднээс далд ярьцгаадаг. Тийм газарт хүнлэг харилцаа, найрсаг зохицол, харилцан итгэлцэл, хайр хүндэтгэл сарнин саарч, дээр дорын ялгаа зааг холдон холдсоор байх вий. Үл итгэлцэл, хардлага сэрдлэг, хов живээс хол байхыг хүсвэл нүүр нүүрээ харж байгаад ярилцчихдаг болох хэрэгтэй.
Хөл хүрэх газраа өшиглөж, хүзүү хүрэх газраа хазаж, хэл хүрэх газраа доош хийн доромжлох хавьтаж ойртоход халгаатай хахир хүмүүсээс холын хол байхыг эрмэлз. Хануур хорхой шиг наалдаад байгаа хүн бүхэн сайн биш, зай барин дөлж холхон байдаг хүн бүхэн муу биш гэдгийг мэд.
Ажлын эрх ашгийн төлөө, өөрийнх нь сайн сайхны төлөө ил хэлж байгаа хайр нь дотроо, хал нь гаднаа хатуу хүтүү үгийг тэвчээртэй сонсож, тэвчин өнгөрөөж сурвал чамд хэрэгтэй. Тэргэнд хөллөсөн морь л ганцаараа дэлбэгчийн ташуурын амтыг амсдаг юм биш, буулганд зүтгэж байгаа бүхэн ташуурын амт амсдаг нь хорвоогийн жам. Хүн хэдий сайн ч хэлэхээс наашгүй, цаас хэдий нимгэн ч чичихээс наашгүй гэдэг шиг ухаарал өгч, ухаан оруулсан ташуурын амттай үгийг үе үе сонсож байхад гэмгүй. Тархин дундуур нь татаад авбал илжиг хүртэл ухаажина гэдэг. Харин ноён мэт зандарч, нохой мэт архирч байгаа тэнэг мунхаг хүний урдаас нохой мэт архирах хэрэггүй. Чи нохойтой ярьдаггүй биз дээ. Хуцсан бүгдийг нохой гэдэггүй, ярьдаг бүхнийг хүн гэдэггүй гэх үгийг санаж, амаа хамхиж, биеэ барь. Чулууг чулуу дийлдэггүй, чулууг ус дийлнэ. Зөөлөн нь хатуугаа илээнэ. “Тэнэг мунхаг хүнтэй тэмцэж маргах хэрэггүй”.
Хэрэв чамд бусдаас давсан сайн чанарууд байгаа бол тэр тухайгаа хаа хамаагүй хашгирч, зарлаж явахын хэрэг юу байна? Хүмүүс тэртэй тэргүй, хэлсэн хэлээгүй мэднэ. “Өөрийнхөө сайн чанарыг ухаарах нь ухаантай хүнийг улам даруу, улам нуруутай болгоно”. Харин, “Өөрийгөө өргөмжлөх нь оюун ухааны даруу биш зан юм”. Өөрийгөө өргөмжилдөг хүнээс ухаантай хүн сайн зүйл олж хардаггүй, тэнэг хүмүүс л гайхалтай сайн чанаруудыг олж сонсон биширнэ. Биеэ магтах зуршил нь хүний эрүүл оюун ухааныг бохиртуулна. Өөрийгөө дөвийлгөн магтах тэр хэмжээгээр хүн уруудан тэнэгтэж, улмаар үнэн бодит дүр төрх нь утга учраа алдан, өмхөрсөн сэтгэлийн хог хаягдал дунд торойн үлдэнэ. Угаасаа “маадгар зан болон биеэ өргөмжлөх нь хүнийг тэнэг болгодог золгүй явдал мөн”.
Болзошгүй алдаанаас сэргийлэх, болчимгүй үйлдлээс хамгаалах чамтай үргэлж хамт байдаг гарын дор арга бол өөрийнхөө байгаа байдал, хэлж ярьж, хийж үйлдэж байгаагаа байнга хянаж байх явдал юм. Өөрийнхөө тухай даваадуулсан бодолтой болж, үг ярианд чинь биеэ хэтрүүлэн магтах, үйлдэл хөдлөлд чинь биеэ тоосон ихэрхүү байдал, омголон дээрэлхүү шинж илрээд эхэлбэл оюун ухаандаа согог сууж байна гэдгээ мэдрэн, газар авч даамжраагүй дээр нь биеэ татаж аваарай. Ер нь “өөрийгөө өргөмжилдөг хүн тэнэг, увайгүй хоёрын дунд нь байдаг, түүнд аль алиных нь шинж илэрдэг” хэмээн нэгэн бичгийн хүн хэлсэн байна. Хүн өөрийн гараар өөрийгөө дээш өргөж болдоггүй шиг биеэ хэт өргөмжлөн магтаж болохгүй. Биеэ даваадуулан үнэлж, дээш хөөргөн магтахыг оролдсон оролдлого бүхэн чамайг доош татан унагаасаар байх болно. Цээжээ дэлдсэн хоосон магтаал биш, үйл бүтээл чинь чамайг өргөмжлөнө. Даруухан бай. “Хүчтэй хүмүүс ямагт энгийн даруу байдаг” юм. Намайг ил далд амаа цууртал муу хэлж байгаа. Тэгэхээр би өөрийгөө магтаж байя л даа. Өөрийгөө магтахгүй бол хэн намайг магтах вэ гэх үзэл бодолтой хүмүүс бий. Тэднийг буруутгах аргагүй. Өөрийн бодол өөртөө зөв. Гагцхүү хэмжээ хэтрүүлэн магтах л хэрэггүй. Магтаал сонсох таатай ч бас ичмээр мэдрэмж төрнө. Магтаал сонсоод ичингүйрэн, биеийн хаа нэгтээ хөлс чийхарч байвал өөрийгөө эрүүл бөгөөд энгийн даруухан хэвээр байна гэдгээ мэдээрэй.
Монгол улсын 2 дахь ерөнхийлөгч Н. Багабанди
No comments:
Post a Comment