Thursday, September 4, 2014

Аав минь ахмад дайчин байлаа.

Тайж овогт Алтангэрэлийн Энхтайван
Орхон аймгийн “Баянзүрх авто сервес” ХХК-ийн захирал
Миний аав Алтангэрэл хуучнаар Сайн ноён хан аймгийн Далайчойнхор вангийн хошуу одоогийн Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 2-р багийн нутаг Алтанбумбатын Сэмжит цохио гэдэг газар 1920 онд Тайж Содовын гуравдугаар хүү болон мэндэлжээ. 8 настайгаасаа Нүхтийн хийдэд 15 нас хүртлээ шавилан сууж Тангад ном үзжээ. Төр эргэж сүм хийд хаалгаа барьж /бүр устан бусниулж/ аав маань хөдөө эцэг эх дээрээ очсон байна. Өвөө маань сүрхий холч хүн байсан болов уу багш залж хүүдээ гэрээр Монгол бичиг болон дөрвөн аргын тоог заалгажээ.
Аав маань 1939 онд 19 настайдаа цэргийн албанд мордож улмаар Халх голын дайнд оролцсон гэдэг. Халх голын дайны үед армийн амин сүнс цэргийн агт маллах хариуцлагатай албыг нэр төртэй биелүүлж 5 жилийн цэргийн албаа нэр төртэй хаагаад нутагтаа иржээ.
Цэргээс халагдаж ирээд нутагтаа агент, нярав, тоо бүртгэгч, багийн дарга, мал маллах зэрэг ажлуудыг тасралтгүй хийж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан.
1990 оны эхээр хүрээ хийд дахин сэргэх үед хэсэг нөхдийн хамт “Нүхтийн хийдийг” үүсгэн байгуулалцаж тус хүрээнд лам нарын хамт ном хурж сүсэгтэн олонд буян хийж явсан. Улсад ажиллаж байх хугацаандаа Ардын хувьсгалын түүхт ойн медалиуд, хүндэт жуух бичиг болон бусад шагналуудаар шагнагдаж явсан.
Аав маань 6 хүүхэд төрүүлж өсгөсөнөөс миний бие 4 дэх хүүхэд нь билээ. Би Эрдэнэт хотод үр хүүхэд, гэр бүлийн хамт амьдарч байна. 2 ах, 2 дүү маань үр хүүхэд гэр бүлийн хамт Улаанбаатар хотод амьдарч байна.
Нутгийн зон олондоо сумынхаа 90 жилийн ойн мэнд хүргэж сайн сайхныг хүсье.[1]



[1] Хүн нутагтай нутаг сүлдтэй- хуудас 158

No comments: