Sunday, February 12, 2017

Оюунлаг нутгийн минь оюутан залуучуудын анхдугаар хурал


Манай сумын Улаанбаатар хот дахь иргэдийн спортын тэмцээн миний мэдэхийн 13 жил тасралтгүй дараалан явагдсан, цаашдаа ч үргэлжлэх нь тодорхой болж уламжлагдсан эд. Харин оюунлаг хүмүүсээрээ улсдаа алдартай нутгийн хувьд оюун ухаан сорьсон ажил үгүйлэгдэж байсныг МҮИС-ийн Оюутны хөгжлийн албаны дарга М.Даваажав сортоотой олж харсан явдал бол "Хөгжлийн гарц - Шинэ-Идэрийн ирээдүй" сэдэвт эрдэм шинжилгээний анхдугаар хурлыг зохион байгуулах санаачилга байсан. Түүний энэ санаачлагыг дэмжиж цаг заваа зориулсан сумын оюутны холбооны дарга Б.Бямбасүрэн, холбооны гишүүд тун ч их идэвхитэй, санаачилгатай ажиллаж байсныг харж байсны хувьд талархаж байгаагаа уламжилъя.
"Хөгжлийн гарц-Шинэ-Идэрийн Ирээдүй" сэдэвт Эрдэм Шинжилгээний анхдугаар хуралд Шинэ-Идэр сумын төдийгүй олон мянган шавь нарын эрхэм хүн, нутгийн минь хүндэтгэл бахархал болсон Монгол Улсын Гавъяат Багш Н.Төмөрбаатар, Монгол Улсын Гавъяат Багш Ж.Нямжав, Доктор, профессор С.Ганбат нар хүрэлцэн ирж шүүн тунгааж, санал сэтгэгдлээ хэлсэн явдал бол бид бүхний хувьд нэр төрийн хэрэг байлаа.
Нутгийнхаа ойн номноос алдартан, гавъяатуудынхаа зургийг нь үзэж, товч танилцуулгыг нь л харсан болохоос “өөрийг нь” хажуунаас харж үзээгүй залуучууд бид энэ хурлын хүчээр л нутгийнхаа эрхэм хүмүүстэй танилцлаа.
Хуралд Г. Отгонбаатар "Сум дундын эмнэлэгт шүдний эмч ажиллуулах хэрэгцээ, шийдвэрлэх арга зам" сэдвээр нэгдүгээр байр, Х.Сосорбарам "Сэргэг ирээдүй сэргэг Шинэ-Идэр" сэдвээр хоёрдугаар байр,З.Лхагвадорж "Шинэ-Идэр сумын хүн амын боловсрол соёлыг хөгжүүлэх нөөц арга зам" илтгэлээр гуравдугаар байр тус тус эзэллээ.

Эрдмийн ажил спортын тэмцээн адил уламжлагдах болтугай.


2017.02.10










No comments: