Хуучин оноо үдэж, шинэ оноо угтан авах заагаар үдэж буй оныхоо, ард үлдсэн 365 хоногт юу бүтээж, юуг хийж, ямар амжилт гаргаж, ахиц дэвшил хэр нэмэгдэв гэдгээ дүгнэх өдөр гэж шинэ жилийн баярыг тэмдэглэдэг байх гэж боддог. Сургуулийн шинэ жил, тэнхмийн шинэ жил, аймгийн шинэ жил, сумын шинэ жил гээд нэлээн хэдэн шинэ жилд орсон, гэхдээ надад хамгийн сайхан сэтгэгдэл төрүүлсэн нь сумын шинэ жил байлаа. 2010 онд оюутан болж хотод ирсэн, үүнээс хойш оюутны 3 жил өнгөрсөн, тэр гурван жилд Шинэ-Идэрийн шинэ жил болоогүй юм, Харин Хөвсгөлийн ихэнх сумдын шинэ жил болдгийг хараад манайх яагаад шинэ жилээ хийдэггүй юм бол гэж дотроо боддог байлаа. Шинэ жилийн баярыг хэн нэгэн хийх байх гэж хараад байвал ер нь бүтэхгүй бололтой байсан, тиймээс санаа нэгдэн Монголын Үндэсний Их Сургуулийн оюутны холбооны тэргүүн М.Даваажав, ШУТИС-ийн биеийн тамирын багш Б.Ганзориг ах, бид хэд ярилцан шинэ жил тэмдэглэхээр болж такс, урилгаа хэвлүүлэн ажилдаа орсон юм. Шинэ жилдээ ирсэн хүмүүсийн сэтгэгдэл өндөр байсанд зохион байгуулсан бид хэд баяртай байна.